Wednesday, March 31, 2010

2010 онд төлөвлөгдсөн ажлууд

1. 2010.01.01- 2010.06.22 – “Бид ээждээ хайртай” аян
Үндэслэл:
Хүн бүр л ээжийнхээ ачийг хариулахсан гэж боддог, бүгд л ээждээ хайртай байдаг. Гэхдээ бид ээждээ хайртай гэж хэлдэг билүү? Хэвлийдээ арван сар тээж, хүмүүний орчлонд төрүүлсэн ачит ижийдээ сэтгэлийнхээ гүнээс хайртай гэж хэлэх тийм хэцүү гэж үү? Үрийнхээ төлөө цаг үргэлж санаа нь зовж суудаг бурхан ээжийнхээ сэтгэлийг нь дэвтээж ХАЙРТАЙ гэдгээ хэлэх нь ачийг нь хариулах сайн үйлсийн эхлэл билээ.

Уриа:
Үртэй хүний жаргалыг өдөр болгон мэдрүүлж
Үгсийн сайхныг өдөр бүр хэлцгээе

1) “Бид ээждээ хайртай” CD
2) “Ижийгээ гомдоох учиргүй” дууны клип
3) “Би ээждээ хайртай” гар зураг, зохион бичлэгийн уралдаан
4) Уралдаанд түрүүлсэн зургуудыг плакат болгон хэвлүүлэх
5) “Бид ээждээ хайртай” нэвтрүүлэг, зохиомж
6) “Бид ээждээ хайртай” лекц семинар
7) Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн гаднах орчинг тохижуулах, цэцэрлэгжүүлэх
8) Эх үрсийн баярт зориулсан массыг хамарсан бүжиг
9) Гишүүдийн дунд “Бид ээждээ хайртай” өдөрлөг

2. 2010.02.01-с 2010.06.01 – “Бид нэг гэр бүл” Хайти-д туслах аян

Үндэслэл:
Саяхан, 1-р сарын 12-нд алс холын Америк тивийн Гайти /Haiti/ улсад 7,3 баллын хүчтэй газар хөдлөлт болж олон зуун мянган хүн үхэж, олон мянган хүүхэд өнчирлөө. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлон тэднийг дайрч гарчээ. Монголчууд, монголын ард түмэн бидэнд ч гэсэн зуд турханаас авхуулаад асуудал бэрхшээл их бий. Гэхдээ орох оронгүй, оочих аягагүй болж биднээс илүү зүдэрч байгаа Гайтигийн хүүхдүүдэд, багачуудад туслая. Тоглох тоглоомгүй, идэх хоолгүй өнчрөн хоцорсон тэдгээр хүүхдүүдэд тоглоом хандивлан, монгол хүүхдүүдийн чин сэтгэлийн анд нөхдийн захидлыг хүргэж бага ч гэсэн сэтгэлд нь гэрэл гэгээ бэлэглэе

Уриа:
Бид нэг гэр бүл

1) Хандивийн тоглолт зохион байгуулах
2) Тоглоом цуглуулах
3) Захидал, гар зургуудийг хүлээн авах
4) Залуу уран бүтээлчдээр Michael Jackson-ий “We’re The World” дууг дуулуулж, клип хийх

Бие даан болон хамтран зохион байгуулсан ажил

Бие даан зохион байгуулж хийсэн ажлууд
1. 2007.07.14-с 2007.10.14 – Оюутан залуусын зуны амралтанд зориулсан танилцах өдөрлөгүүд
2. 2007.07.15-с 2007.11.14 – Нэн ядуу хүмүүст туслах зорилгоор хуучин хувцас, ном, тоглоом цуглуулан хандивласан сайн үйлсийн аян
3. 2007.10.28-нд – “ДОХ-ын эсрэг хамтдаа” диско шоу /өдрийн цагаар, архи тамхигүй орчинд/
4. 2007.11.15-с 2007.11.17 – Хүүхэд залуусын мэдлэг боловсролд зориулсан сургалт, лекцүүд /амьдрах ухаан, амжилтын нууц, зөв хооллолт/
5. 2007.12.12-нд – Өөрсдийн хандиваар цугларсан хувцасыг хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүст хандивлав.
6. 2008.01.05-с 2008.02.05– Өндөр настай, ганц бие өвөө, эмээ нарт туслах нэг сарын аян
7. 2008.02.13-нд – Гэгээн Валентинийн өдөрт зориулан хайрын дуутай CD-г ганц бие 100 залууст бэлэглэсэн.
8. 2008.03.18-нд – Мартын 8-аар “Эрхэмсэг бүсгүй танд” нэртэй урмын үг тараах өдөрлөг зохион байгуулсан /2000 хүнд тараагдсан ба мөн энэ үеэр эмэгтэйчүүдэд үнэгүй таксигаар үйлчилсэн/
9. 2008.04.28-нд – Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сангийн өмнөх талбайд мод тарьсан
10. 2008.05.05-нд – Нийслэлийн тохижилтонд туслах зорилгоор хогийн саванд хогоо хийсэн хүмүүсийг урамшуулах зорилгоор бэлэг гардуулсан /100 гаруй хүнд/
11. 2008.10.21-нд – Хараагүй хүүхдийн 116-р сургууль дээр өдөрлөг зохион байгуулж, багш сурагчдад бэлэг гардуулсан
12. 2009.08.14-нд – Нярайн асрах төвийн гаднах орчинг цэвэрлэв.
13. 2009.10.20-нд – Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ээжийг баярлуулах зорилгоор нэг өдрийнх нь ажлыг өмнөөс нь хийж, гарын бэлэг гардуулав
14. 2009.09.20-с 2009.09.27 – “Ээждээ хайртай гэж хэлцгээе” уриалгын захидалыг 4000 гаран хүнд тараав.
15. 2010.01.29-нд – ТҮК-д ажилдаг амьдралын баталгаажих түвшингөөс доогуур амьдралтай, өрх толгойлсон гурван ээжийг баярлуулах зорилгоор өмнөөс нь ажлыг нь хийж, хамтран ажилладаг байгууллагуудынхаа гарын бэлгийг гардуулав.

Хамтран зохион байгуулсан ажлууд
1. UBS телевизийн “Хогондоо” шоунд ард иргэдтэй хамтран оролцов.
2. “Ногоон төгөл” төслийн хүрээнд хийгдсэн мод тарих ажилд хамтран оролцов.
3. NTV телевизийн “Улаан таван хошуу” нэвтрүүлэгтэй хамтран Метрополис клубт Валентинийн үдэшлэг зохион байгуулав.
4. “Баясук ба түүний нөхөд” сайн үйлсийн аянг хамтран зохион байгуулав.
5. “Гурван бүдүүн” хамтлагийн “38-тай аав” тоглолтыг хамтран зохион байгуулав.
6. Монголын үндэсний телевизээс зохион байгуулсан “Тамхины эсрэг шоу”-г дэмжин оролцов.

Шар хантаазтануудад чин сэтгэлээсээ тусаллаа







“Сортоо” хүүхэд залуучуудын сайн дурын клубын хамт олон “Бид ээждээ хайртай” аяныхаа хүрээнд хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг 3 ээжийг баярлуулахаар шийдэж, БГД-ийн ТҮК-ийн ажилтан Ш.Шүрэнцэцэг, Б.Даваасүрэн, Р.Чимгээ гэсэн 3 ажилтанг сонгожээ. Сайхан ээж нараа баярлуулахын тулд цэвэрлэх ёстой байсан замыг 1-р сарын 29-ний 00 цагаас эхлэн үүрийн 5 цаг хүртэл цэвэрлэжээ.
Өглөө нь ТҮК-ийн ажилчид ажилдаа ирээд цэвэрлэх ёстой байсан бүх зам нь цэвэрхэн болчихсон байхыг хараад мэл гайхаж байлаа. Гайхаад зогсож байхад нь “Сортоо” клубын залуучууд очиж, “Та бүхнийг өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө баярлуулж, нэг өдөр ч болов амраах гэж” бид энэ ажлыг хийсэн тухайгаа хэлж гарын бэлэг болон орчинг цэвэрхэн байлгадагт баярласан “Fohow” компани, Түн Дэ Мүн, Ивээлхүү ХХК, “Cueen chicken” зэрэг байгууллагуудын бэлгийг гардууллаа.
ТҮК-ийн ахлагч Л.Алтантуяа хэлэхдээ, энэ компанид 6 жил ажиллахдаа залуучууд ийм ажлыг санаачлаад, ээж шигээ хүмүүст туслаж байсан тохиолдол байгаагүй ээ. Энэ залуучуудад маш их баярлалаа. Залуучууддаа сайнаар үлгэрлэж байгаагаар нь бахархаж байгаагаа хэлж байлаа.
Нийслэл хотоо гоо сайхан болгох гэж үүрийн таван жингээр босож үдшийн бүрий хүртэл бөртийн ажиллах Шар хантаазтай баатруудыг нэг өдөр ч дулаан гэртээ амрах боломж олгосон “Сортоо” клубын хүүхэд залуучуудад баярлалаа.
Аз жаргалтай амьдрал, жинхэнэ баялгийн нэг нууц нь нэгэндээ туслах билээ. Бид юунд ч ганцаараа хүрдэггүй. Аливаа зүйлээр элбэг дэлбэг байх нь бусдын тусламжгүйгээр олдох нь тун ховор. Та бусдад бие, сэтгэл санаа, эд материалын хичнээн тусыг хүртээсэн ч энэ нь угтаа та өөртөө л тусалж байна гэсэн үг. Тиймээс Сортоо клубын хүүхэд залуучууд хүн бүрийг сайн үйлсд уриалж байна.

Сайн үйлс бүхэн нарын цацраг лугаа дэлгэрэх болтугай.

“Сортоо” хүүхэд залуучуудын сайн дурын клуб

СОРТОО хүүхэд залуусын сайн дурын нийгэмлэг



Товч танилцуулга:
СОРТОО хүүхэд залуусын нийгэмлэг нь нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулдаг, шашин ба улс төрөөс ангид төрийн бус байгууллага юм.

Зорилго:
Өндөр ухамсар, өргөн мэдлэгтэй, сайн бүхний жишиг болсон цогцлоон бүтээх агуу их эрч хүчтэй залуу үеийг төлөвшүүлэхэд оршино.

(Сортоо гэдэг үгийн тайлбар:
Цог жавхлантай, хийморьлог гэсэн утгатай монгол үг билээ)

Хаяг: Баянгол дүүрэг, 4-р хороолол, 19-р хороо, 53б байрны 202 тоот. /47-р сургуулийн хашаанд FOHOW төв/
Утас: 98090994, 91113131
И-Мэйл: sor_too@yahoo.com
Блог: http://www.sor-too.blogspot.com

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________